Таван жилийн дараа манай улс шатахууны үйлдвэртэй болох бөгөөд мэргэжилтнүүд ирэх 2017 онд үйлдвэр үүдээ нээнэ хэмээн өгүүлж буй. Үйлдвэр нэг литр шатахуунаа 1200 төгрөгөөр борлуулах боломжтой юм гэсэн. Уг үйлдвэрийг МАК компани нээх гэж байгаа бөгөөд дотоодын хэрэгцээний 40 орчим хувийг хангах хүчин чадалтай хэмээн урьдчилсан байплаар тооцоолжээ. Сонирхуулахад уг үйлдвэрийг Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших Адуунчулууны хүрэн нүүрсний ордыг түшиглэн байгуулах юм. Үйлдвэр байгуулах ажил энэ оны дөрөвдүгээр сараас эхлэх ба Адуунчулууны ордын нөөц нефтийн үйлдвэрийн 47 жилийн хэрэгцээг хангаж чадна гэсэн судалгаа ч гарчээ. Эх сурвалжийн өгүүлснээр МАК компани үйлдвэрт ажиллах инженер техникийн ажилтнуудаа Япон, Герман, Швейцарь, Орост сургаж байгаа гэсэн. Харин хөрөнгө оруулалтын хувьд гадны томоохон банк санхүүгийн байгууллагаас дэмжлэг авахаар ярьж байгаа сураг байна.
Түүнчлэн нефть үйлдвэрлэх технологийн хувьд тус компани хүрэн нүүрсийг хийжүүлж хийгээ шингэрүүлэн метанол гаргаж авах ба метанолоос АИ-92-той адил химийн орц найрлагатай бензин үйлдвэрлэхийг гол зорилгоо болгож байгаа ажээ.
Эх сурвалж: Улаанбаатар Таймс



