Машины ангиллын талаар хэдэн үг

И-мэйл Хэвлэх PDF
moto_car_style_01Coupe-ээс Crossover хүртэл. Аль нь надад тохиромжтой вэ?
Та өөртөө зориулж спорт машин хайж байгаа боловч гэр бүлийн машин бүгдэд нийцтэй. Гэтэл ээж тань МиниВан, аав тань Station Wagon сонирхоод байдаг. Дээрээс нь хүү тань SUV-ийг ёстой янзтай машин гээд байвал яах вэ? Ингээд байж байтал Crossover гэдэг төрлийн машин байдгийг та нар бүгд хэн нэгнээс сонсжээ. Ер нь бол ихэнх хүмүүс машинуудын төрлийг сайн мэддэггүй бөгөөд таамгаар л машинаа авч байгаа харагддаг. Энэ бүхнийг товчхон бөгөөд чанартай тайлбарлаж өгөх цаг нэгэнт болжээ.
Седан:
moto_car_style_sedan
4 хаалгатай седан бол хамгийн нийтлэг загвар юм. Ер нь бол гэр бүлийн хэрэгцээнд, жирийн ард иргэд унахад их дажгүй. Тэрээр ардаа бөгстэй бөгөөд тэр хирээр тээшийн савтай. Тэгэхээр та машиныхаа тээшийн саванд тохирох хэмжээний ачааг хийгээд явж болно гэсэн үг. Таны салон ачаатай огт хутгалдахгүй тул тохилог байдал хадгалагдана. Седан загварын жижиг машин хийх нь ховор байдаг боловч заримдаа жижиг, эсвэл нилээн том загварууд байдаг.
Мэргэжлийн хүмүүс седаныг тайлбарлахдаа 3 хэсэг хайрцаг гэж ярьдаг. Хамар, их бие, бөгс гэж хэлэхэд та ойлгож байгаа биз ээ.
Station Wagon:
moto_car_style_wagon
Илүү их ачаа тээх сонирхолтой жолооч нарт зориулсан урт том машин юм. Бидний нэрлэж заншсанаар Комби юмуу даа. Тэрээр арын тээшийн савыг дээш нь өргөтгөж салонтай нэгтгэсэн байдаг. Хэрвээ арын суудлыг урагш нь эвхчих юм бол ард маш том сул зай гарах бөгөөд түүнд бараг л насанд хүрсэн 2 хүн эвтэйхэн унтчихсан ч болдог байна. Хэрвээ та жижиг дэлгүүртэй бөгөөд түүндээ хааяадаа бараа зөөх хэрэгтэй байвал энэ загварын машин нийцэж магадгүй. Харин жолоочийн хувьд яг л Седан жолоодож байгаа мэт байх болно. Яагаад гэвэл бусад бүх зүйл нь Седан юм чинь.. Энэ загварыг жижиг бизнес эрхлэгч хүмүүс илүү их сонирхдог байна.
Жип буюу SUV (Sport Utility Vehicle)
moto_car_style_suv
Монголоор орчуулбал Спорт маягийн тээврийн хэрэгсэл гэх юмуу даа. Бидний мэддэгээр бол жип л юм даа. Зөвхөн спорт гэлтгүй тэрээр даац сайтай, ачаа ачих өргөн боломжтой, тохилог салонтай, 4-н дугуйгаар маажих боломжтой байна. Манайх шиг цас мөстэй, эсвэл намаг шалбааг, хөдөө гадаа их явдаг хүмүүст хамгийн тохиромжтой загвар. Заримдаа замгүй газрын тэрэг ч гэдэг. Бид бол жип л гэдэг дээ. Гэвч энэ загварууд нь шатахууныг архичин хүн шиг л хэрэглэдэг гэдгийг байнга санах хэрэгтэй.
Hatchback:
moto_car_style_hatchback
Ер нь бол арын бөгсгүй загвар юм л даа. Тэгэхээр арын тээшийн савыг тайрч хаясан Седан гэж ойлгож болно. Энэ утгаараа ардаа нэмэлт том хаалгатай болсон бөгөөд тэр нь ихэнхдээ л дээшээ өргөгдөж онгойдог байна. Өөртөө таарсан их бага хэмжээний ачааг ардаа хийчих боломжтой бөгөөд гол нь хүн тээвэрлэхэд л зориулагдсан ажээ. Ёстой л гэр ажил хоёрын хооронд унаж байхад зориулагдсан эд. Сүүлийн жилүүдэд их нийтлэг болоод байгаа загвар даа.
Миниван:
moto_car_style_mini_van
Station Wagon буюу Комбиг бодвол арай л том загвар юм. Миниван нь 8 хүртэл тооны зорчигч тээвэрлэх боломжтой бөгөөд 3 эгнээ бүхий суудалтай байх нь элбэг. Тэгсэн мөртлөө ачаа аччих хэсэг хойно нь үлдсээр л байдаг. Арын суудлуудыг хумьчихвал шулуухан 1 өрөө гараад ирнэ гээч. Томхон гэр бүл эсвэл жижиг албан байгууллагууд сонирхох нь түгээмэл бөгөөд яагаад гэдэг нь ойлгомжтой. Жипийг бодвол илүү зөөлхөн явдалтай, тохилог байдаг.
Coupe:
moto_car_style_coupe
Сандал болгонд 1 хаалга гэсэн дүрэмтэй бол Coupe танд тохирохгүй. Coupe гэдэг бол 2 хаалгатай седаныг хэлж байгаа юм. Гэвч 2 хаалгатай гэдэг нь их жижиг ялгаа мэт боловч цаанаа гүн гүнзгий утга агуулгыг илэрхийлдэг. Илүү спортлог харагддаг бөгөөд ихэнхдээ л залуу хүмүүс авч унадаг. Тэдэнд хайртаас нь өөр тээх зүйл байдаггүй тул 2 хаалгатай машиндаа суугаад зугаалахад тун тохиромжтой. Coupe бол эзэмшигчээ илэрхийлэх нэгэн том имиж болдог юм. Тэр бол өөрөө өөрийгөө хайрлагч, тох тухь, хурд хүчийг эрэлхийлэгч ажээ.
Convertible:
moto_car_style_convertible
Монголд бараг байдаггүй хувилбар. Ер нь амьдрал дээр Coupe загвар ховор талдаа бол Convertible загвар бүр ховор. Яагаад гэхээр дээвэр тэр чигтээ хураагдаж арын тээш рүүгээ орчихдог болохоор тэр. Үргэлж нартай байдаг халуун дулаан орнуудад түгээмэл хэрэглэгддэг боловч монголд зуны сарууд богинохон шүү дээ. Түүнээс гадна тоос шороо ихтэй, хүмүүс нь дасаагүй байдаг тул монголд элбэг бус, байлаа ч үндсэн чанар болсон дээврийг нь хураагаад явах нь ховор байдаг нь харамсалтай. Үндсэндээ та бусдын анхаарлыг татах дуртай, дур булаам нэгэн бол ийм машин авч болно.
Спорт машин:
moto_car_style_sport
Спорт машин унахаасаа өмнө дээр өгүүлсэн загваруудын аль нэгийг жолоодож үзсэн байх нь дээр байдаг. Тэгэхгүй бол спорт гэдэг мөн чанарыг нь ойлгож мэдэхгүй. Ер нь бол хурдтай давхихад зориулж маш олон эд энгийг тусгайлан сайжруулсан машиныг л спорт машин гэнэ. Жинхэнэ спорт машин бол жолоодлого, тормос, хурд авах, мотор, их бие гээд бүх зүйлийг нь сайжруулсан байх ёстой. Харин жолоочийн тав тух хоёрдугаарт тавигдана. Ихэнхдээ л 2 суудалтай байдаг бөгөөд хальт харахад л спорт машин гэдэг нь мэдэгдэхээр загвартай байдаг. Харин дүр эсгэсэн машинууд элбэг бөгөөд тэд бол спорт машин биш юм.
Crossover:
moto_car_style_crossover
Энэ бол үйлдвэрлэгчдийн гаргасан нэр томъёо бөгөөд сүүлийн жилүүдэд хамгийн их анхаарал татаж байгаа загвар юм. Өмнө дурдсан загваруудад орж болохоор боловч нарийн аваад үзвэл бас орохгүй юм шиг. Crossover бол аль ч ангилалд оруулж болохгүй загварыг хэлж байгаа юм. Жишээ нь седан байлаа гэхэд жипний тоноглолуудаар тоноглосон бол crossover болж байгаа юм. Универсаль тэрэг гэж ойлгоход бараг болно доо.
Төгсгөл:
Сүүлийн жилүүдэд гарч байгаа зарим загваруудыг яг тодорхой ангилалд оруулахад их хэцүү болсон. Яагаад гэвэл автомашин үйлдвэглэгчид дундын универсаль хэв маягтай машинуудыг олноор үйлдвэрлэх болсон. Түүнээс гадна мэргэжлийн төвшинд их биеийн загварыг цааш нь олон задалж тайлбарладаг байна.

Жишээ нь Седан гэхэд л лимузин гэсэн бие даасан ангиллыг үүсгэнэ. Лимузин бол тансаг зэрэглэлийн седан билээ. Гол ялгаа нь тусгай жолоочтой байх бөгөөд бүх үнэ цэнэтэй зүйл нь жолоочид биш ард сууж байгаа зорчигчид зориулагдсан байдаг ажээ. Гол шинж нь их урт байдаг.
Тэгвэл SUV буюу жип гэхэд л Full Size SUV, mid size SUV гэх мэтээр задарч болдог байна.

Энд өгүүлсэн зүйл нь ердөө л машины их биеийн стиль, загварууд дээр анхаарч ангилсан болно.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах