БХТН-ийн Техникийн спортын төвийн авто мотоспортын дасгалжуулагч, ОУХМ Ш.Эрдэнэбилэгтэй ярилцлаа, Спорт сонирхогчид түүнийг андахгүй. Харин уншигчид мотоспортын тамирчин, Азийн аварга Э.Халиунболдын аав гэвэл сайн таних байх. "Ойр ойрхон уралдаан тэмцээн зохиогоод зав муутай байна. Саяхан автомашины бартаат замын болон автомашин, мотоциклийн холын зайн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Олон аймгийн ой болж, үзүүлэх тоглолт хийгээч гэсэн урилга ирж байна. Боломжтой ганц нэг рүү нь хүүхдүүдээ авч явсан. Ингэсгээд амралтын байдалдаа орно доо" гэснээр бидний яриа эхлэв.Мотоспортыг сонирхож, хичээллэж эхэлсэн түүх, бага нас, нутаг усны таны талаар сонирхъё?
-Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. Миний аав Сэлэнгэ аймгийн Цэргийн хэлтэст дасгалжуулагч хийдэг байлаа. Аав 1968-1969 оны үед Сэлэнгэ аймагт анхны мотоциклиудыг авч очиж, мотоциклийн зам зассан, Сэлэнгэд мотоспорт хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн. Тэр үед аав мотоциклийн уралдаан зохион байгуулдаг, би дагаад л уралдаан үздэг байлаа. Аав минь намайг техникт ойр өсгөхийг хүсдэг байсан. Миний үеийнхний "1000-ын дугуй" гэж нэрлэдэг мотортой дугуй надад авч өгсөн нь одоо ч сэтгэлд тод байна. Тэрийг нь унасаар мотоцикльд дурласан даа. Би 1979 онд Сэлэнгэ аймгийн арван жилийн сургуулийг төгсөөд Алтанбулагийн техникумын механикийн ангид орсон. Сургуулиа төгсөөд Сэлэнгэ аймгийн Батлан хамгаалах зөвлөлд дасгалжуулагчаар ажилласан. 1982 оны өвөл улсын шигшээ багийн тамирчин болж, Улаанбаатарт ирсэн дээ. Тэр цагаас хойш Улсын шигшээ багт өнөөдрийг хүртэл ажиллаж байна.Спорт сонирхогчид таныг Монголын топ тамирчин гэдгийг мэднэ. Харин спорт сонирхдоггүй хүмүүс ямар уралдаан тэмцээнд оролцож, ямар амжилт гаргаж байсныг тань тэр бүр мэдэхгүй байж магадгүй.
-20 настайдаа 1980 онд Сэлэнгэ аймгаас нийслэлд ирж, цэрэгжүүлсэн олон төрөлт тэмцээнд оролцсон нь миний анхны уралдаан байлаа. Улсын шигшээ багт орсныхоо дараа 1984 онд нийслэлийн, 1985 онд улсын аварга болж амжилтын гараагаа эхэлсэн. Үүнээс хойш олон ч уралдаанд оролцсон доо. 1980-аад он бол Монголынмотоспортын оргил үе байсан. Тэр үед олон мундаг тамирчин уралдаж байлаа. Би тэдний дунд уралдаж явснаараа бахархдаг. Мөсөн замын дэлхийн аваргын тэмцээн, Бартаат замын ах дүү армиудын уулзалт, уралдаан гэж Европын орнуудыг дамжиж уралддаг томоохон тэмцээнд оролцдог байсан. Мөсөн замын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1987 онд Ленинград хотод болоход Ю.Эрхэмбаяр бид хоёр улсаа төлөөлж явсан юм.
Энэ тэмцээнд оролцсоноороо10 жил тасарсан байсан тамирчдынхаа буухиаг дахин үргэлжлүүлсэн. Хэрвээ одоогийнх шиг сайн нөхцөл бололцоогоор хангадаг байсан бол бидний амжилт илүү байх байсан. Тэр үед бүх юм хаалттай байлаа шүү дээ. Герман улсад болсон мөсөн замын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явахаар ачаагаа ачуулж байтал Төв хорооныхон зөвшөөрөхгүй буцаагаад буулгасан түүх бий. Уг нь мөсөн замын тэмцээн тэр үед манайд сайн хөгжсөн байсан юм. Хамгийн сүүлчийн уралдаан маань 1996 оны "Мастер ралли" дэлхийн цомын уралдаан.
"Мастер ралли"-д уралдаж яваад бэртсэнийг тань мотоспорт сонирхогчид харамсан ярьдаг юм билээ?
-Парисаас гараад ОХУ, Казахстанаар дайрч Улаанбаатарт дуусах 12000 км-ийн уралдаан байсан юм. Монголынхоо нутагт орж иртэл би тэр тэмцээнд гуравдугаар байрт явсан. Монголын хилээр орж ирээд л зураг заагч маань эвдэрч, төөрөөд торгууль авчихсан. Үүнийгээ нөхөх гэж нэлээд шахуу явснаас ядарсан байх. Говь-Алтай аймгаас дөнгөж гараад л жижигхэн жалганд уначихсан. Унахгүй юман дээр унаж, санаанд оромгүй хүнд бэртсэн. Уралдаж явахад тэр байтугай л унаж, босдог байсан. Тэгэхэд гай таарсан юм байлгүй. Өөрөө унахгүй байх гэж бодоод тогтоох маягийн юм хийсэн ч болоогүй. Уралдаж яваад унаж бэртэх хамгийн хэцүү, харамсалтай. Алдаа гаргасан хүнийг хайрладаггүй л спорт доо.Ид уралдаж явах насандаа хүнд гэмтэж уралдааны замаа орхих хэцүү байсан байх даа?
-Тухайн үед хэцүү байсан. Тэглээ гээд яах билээ. Нуруу нугасны гэмтэл болохоор нөхөн сэргээгдэхгүй гэдэгтэй эвлэрсэн. Спортоосоо холдолгүй хүүхдүүдтэй бужигнаад явж байгаа болохоор өдөр хоног хурдан өнгөрөх юм. Тэр бүр сэтгэлээр унах завгүй явж байгаад өнөөдрийг хүрсэн. Мотоспортод зүрх сэтгэлээрээ дуртай болохоор холдож чаддаггүй.Монголд мотоциклийн спорт хэр хөгжиж байна вэ?
-Одоо бол дэлхийн мотоспортын хөгжилтэй хөл нийлүүлж байгаа. Биднийг уралдаж байх үед манай мотоспорт хөгжилтэй орнуудаас 10 жилээр хоцорчихсон байсан. Одоогийн залуусын өмсөж зүүж байгаа хувцас хэрэглэл, мотоциклийг бид сэтгүүлээс л хардаг байлаа.Та ид уралдаж байсан үеэ дурсаач. Ямар нөхцөлд уралдаж байв?
-Тэр үед техник хэрэгсэл, хувцсыг социалист орноос л авдаг байлаа шүү дээ. Чехийн "Иж"-тэй төстэй болхидуу мотоциклиэр уралдана. Одоогийн хүүхдүүд тэр мотоциклийг харвал инээд нь хүрэх байх. Хувцас гэвэл дотоодын богино ханцуйтай сүлжмэл цамц, бакал өмсдөг байлаа. Арай овсгоотой нэг нь хоккейчний өвдөгний хамгаалалт хийнэ. Бусдынх нь тохой, гар улаан нялга болтлоо шалбарчихсан явдаг байлаа. Оролцох уралдаан тэмцээн ч хязгаартай, ЗХУ-аас хэтрэхгүй, тийм л байсан.Энэ спортын сайхныг, тамирчин хүний кайф авдаг мөчийг үгээр дүрслээч?
-Мотоцикльчин хүн аль болох хурдан давхих, хол харайхыг хүсдэг. Мотоциклийнхээ хүчийг шавхан хурдлах, хол харайх үед орчлонгоос тасардаг даа. Үнэхээр кайф авдаг.Мотоспортын тамирчид амжилт нь ахих тусам эрсдэлтэй зам руу тэмүүлдэг гэж ОУХМ Д.Очирсүх ах ярьж байсан?
-Тийм шүү. Тамирчин хүн бусдын үзүүлсэн амжилтаас давахын төлөө л зүтгэдэг шүү дээ. Социализмын үед бид жил бүрийн долдугаар сарын 11-нд Дарга толгой дээр Улс төрийн товчооныхонд зориулан үзүүлэх тоглолт хийдэг байлаа. Тэнд 13 машин эгнүүлж зогсоогоод дээгүүр нь мотоцикльтойгоо харайдаг байв.Хамгаалалтын хувцас, хэрэгсэл гэх юмгүй шахам шүү дээ. Холоос хурдтай давхиж ирэхэд машинууд нарийхан хар зураас шиг харагдаад, нэг мэдэхэд нөгөө талд нь бууж байдагсан. Олон дахин харайхаар дасаад, сүүлдээ эгнүүлсэн машиныг тоолох шахам өнгөрдөг болсон. 13 машин дээгүүр чөлөөтэй харайчихаад тоог нь нэмж 14,15 машин дээгүүр харайдаг байлаа. Тэр үед л энэ спортоор хичээллэж, тамирчин гэгдэж буйн жаргалыг эдэлдэг байж дээ.
Мотоспортын шилдэг тамирчин Э.Халиунболд таны хүү. Хүү тань мотоспортын тамирчин болоход таны нөлөө их байв уу?
-Японоос 1993 онд 50 кубын мотоцикль авчирч өгөөд хүүгээ уруу татчихсан хүн шүү дээ, би. Хүүгээ таван настайд нь мотоцикль унуулж сургаж билээ. Халиунболд 2001 оноос уралдаан тэмцээнд оролцож эхэлсэн. Азийн аварга шалгаруулах тэмцээнд тасралтгүй оролцсоны хүчинд 2008 онд Ази тивийн аварга цол хүртсэн. Хүүгээ энэ спортоор хичээллүүлсний үр дүн гарч, энэ амжилтад хүрсэнд сэтгэл хангалуун байна. Монголын мотоспорт 50 гаруй жилийн түүхтэй. Халиунболдоос өмнө манай тамирчид тивийн аварга цолыг авч байгаагүй.Хүүгээ та өөрөө дасгалжуулж байна уу?
-Манайх хоёр хүү, нэг охинтой. Халиунболд манай бага. Ах нь уралдаж байгаад больсон. Одоо дүүгээ дасгалжуулж гадагшаа явахад нь авч явдаг. Гэхдээ Халиунболд асуудал гарвал миний амыг л хардаг юм. Ер нь энэ спортоор хичээллэж байгаа хүүхдүүд бүгд миний гараар дамжсан гэж болох байх. Одоо ид уралдаж байгаа, зэрэг цол авчихсан 20-иод хүүхдэд би мотоспортын зах зухаас заасан. Тэднийгээ сайн тамирчин болгохын төлөө чадах ядахаараа зүтгэж байна. Зарим нь гайгүй л явж байна. Шантраад болих хүүхэд ч олон л байх юм. Хүн өөрөө л сонирхоогүй бол сэтгэлийн хөөрлөөр орж ирсэн хүн хол явахгүй.Амжилт гаргаж буй тамирчдын ихэнх нь удам залгаж энэ спортоор хичээллэсэн хүүхдүүд байдаг?
-Нэг хэсэг тийм байсан. Сүүлийн үед хүүхэд залуус мотоспортыг сонирхох нь нэмэгдэж, эцэг эхчүүд ч энэ спортыг ойлгож, хүүхдээ хичээллүүлэхийг хүсэх болсон.Мотоспортоор хичээллэх хүсэлтэй хүүхдэд ямар нэг шалгуур тавьдаг уу?
-Сэргэлэн, хор шартай хүүхэд юм сурахдаа амархан, амжилтын төлөө зүтгэх нь илүү байдаг юм уу гэж болдог. Аль болох багаасаа хичээллэвэл сайн. Тамирчин хүний оргил үе 27 нас хүртэл байдаг. Үүнээс хойш амжилт буурах тал руугаа явна. Манайд уралдаан тэмцээн цөөхөн болдог, хангамж муутай. Даатгалын тогтолцоо муу. Үүнээс болоод нас жаахан ахиад ирэхээр ерөнхийдөө больё гэсэн бодол төрж эхэлдэг.Даатгалын тогтолцоо муу гэснээс мотоспортын тамирчдыг дээд тал нь хэдэн төгрөгөөр даатгадаг вэ?
-Намайг бэртэх үед "Монгол даатгал" компанид даатгуулдаг байсан. Би эмчилгээний төлбөр гэж 200000 гаруй төгрөг авсан. Даатгалын тогтолцоо үнэхээр муу, бараг байхгүйтэй адил. Манай тамирчид гадагшаа тэмцээнд явахдаа гайгүй өндөр даатгуулчихъя гэхээр одоо 10 сая төгрөгөөс дээш даатгадаггүй.Гэр бүлийнхээ хүний талаар яриач?
-Манай эхнэр УБИС төгссөн, багш мэргэжилтэй. Амьдралын шаардлагаас болоод багшийн ажлаа хийж чадаагүй. Гэр орны бүх ажлаа зохицуулдаг, мотоспортыг ч сайн мэддэг. Бидний алдаа оноо бүх зүйлийг хэлж зөвлөдөг.Х.Уянга
Эх сурвалж: Өнөөдөр сонин




