“Шандас-2011” авто ралли өчигдөр Сүхбаатарын талбайгаас хөдөллөө. Уралдаанд оролцогчид Улаанбаатараас Төв, Дундговь Булган, өвөрхангай гэсэн маршрутаар 1206 км замыг туулах юм. Авто спортынхны тэсвэр тэвчээр хурд, хүч чадлыг шалгадаг уг уралдаан нь оролцогчид төдийгүй сонирхогч эрчүүдийн ч омогшлыг төрүүлдэг. “Шандас-2011” уралдаанд оролцох 19 тамирчин өчигдөр ийнхүү замд гарсан юм. Тэдний нэг нь “Доктор авто сүлжээ” ХХК-ний тамирчин Олон улсын хэмжээний мастер Д.Болдбаатар. Түүнийг замд гарахынх нь өмнө уулзаж ярилцсан юм.Энэ жилийн “Шандас-2011” авто ралли өмнөх жилүүдийнхээс ямар онцлогтой вэ?
-өмнөх жилүүдийг бодвол энэ жил оролцогчдын тоо нэлээд өссөн байна. Түүнчлэн уралдааныг зохион байгуулагчид болон оролцогчид олон улсын стандартын дагуу бүх зүйлийг зохион байгуулахаар ажиллаж байгаа. Оролцогчдын дунд залуучууд их байгаа нь энэ жилийн раллигийн онцлог. Нэг үгээр хэлбэл залуу тамирчдаар манай спортынхон хүрээгээ тэлж байгаа нь энэ удаагийн раллигаас харагдлаа.Та авто спортоор олон жил хичээллэсэн чадварлаг тамирчдын нэг. Авто спортын хичнээн төрлөөр уралдсан бэ?
-Би 1997 оноос авто спортоор хичээллэсэн. Мотоцикль, автомашины төрлөөр уралдаж байсан. Олон улсын тэмцээнүүдэд мотоциклийн төрлөөр уралдаж байсан.“Шандас-2011” уралдаанд залуучууд их оролцож байна гэлээ. Энэ нь манай улсад уг спорт нэлээд сайн хөгжиж байгаагийн илрэл үү?
-Тиймээ. Жил ирэх тусам энэ уралдаанд оролцогчид нэмэгдэж байгаа. Түүнээс гадна уралдаан тэмцээнүүд маш өндөр түвшинд зохион байгуулагдаж байна. үүнд би их сэтгэл хангалуун байдаг. Ялангуяа залуучууд нэлээд сонирхож байгаа нь энэ спортыг хөгжилд нөлөөлж байна. Мөн бага насны хүүхдүүд авто спортоор хичээллэж байгаа нь авто спортын хөгжилд том хүчин зүйл болж байгаа.Олон Улсын хэмжээний мастер Д.Болдбаатар хэдэн шавьтай вэ?
-Энэ спортонд хамгийн чухал нь ур чадвар. Түүнчлэн тамирчны тэсвэр тэвчээрийг маш их шалгадаг. Ер нь хүн өөрөө л зоригтой тэвчээртэй байвал амжилт олж чадна гэсэн үг. Тэгэхээр шавь орохоосоо илүүтэйгээр туршлага дадлага олж авах хэрэгтэй. Энэ л уралдаанд чухал. Гэхдээ залуучууд надаас зөвлөгөө авдаг л юм.Энэ спортыг сонирхож байгаа залуучуудад та ямар зөвлөгөө өгөх бэ?
-Авто ралли тэсвэр тэвчээртэй болгох, зорилгодоо хүрэх, эр хүнд өөрийн хүчийг мэдрүүлэх зэрэг олон зүйл өгдөг. өндөр эрсдэлтэй зүйлийг ялах нь эрчүүдэд сэтгэлийн өндөр ташаал өгдөг. Тийм ч учраас энэ спортод эрчүүд дурладаг. Энэ спортоор хичээллэсэн хүн залууждаг гэж олон улсад үздэг. Түүнээс гадна үзэсгэлэнт сайхан газруудаар явдаг. Шалгуур өндөртэй, эрсдэлтэй энэ спортоор хичээллэхэд гол нь тэвчээртэй бас тууштай байх нь чухал.Уралдаж явахад ямар мэдрэмж төрдөг вэ?
-Мэдээж уралдааны замд хүндрэл гаралгүй яахав. Тэгээд ч манай улсын зам бартаа саад илүүтэй. Сүүлийн өдрүүдэд бороо ихтэй байгаа болохоор бүр ч их бартаатай байгаа болов уу. Энэ бартаа саадыг давж уралдах нь бидний хувьд кайф. Ер нь хүндрэл бэрхшээлийг давж хурд хүчийг мэдрэх нь сайхан байдаг юм. Тэгээд ч эрч хүчийг мэдрэх дуртай эрчүүдийн хүч чадлаа харуулах бас нэг шалгуур нь энэ спорт. Ер нь хурд хүчийг мэдрэх нь үнэхээр сайхан шүү.Эх сурвалж: olloo.mn




