
Долоон жилийн туршид К.Бенц гурван дугуйтай моторт тэргийг угсран тухайн үеийн баячуудад захиалгаар нийлүүлж байв. Энэ тэрэгний бүдүүвч энгийн бөгөөд жолоодлогын хувьд элдэв бэрхшээлгүй байсан нь тухайн үеийн эрэлт хэрэгцээнд нийцсэн байна. Бенц маркийн гурван дугуйтай машины боловсронгуй байдлыг харуулахын тулд 1888 онд Бенцийн гэргий Берт хоёр хүүгийнхээ хамт нөхрөөсөө нууцаар 180 км замд анхны холын зайн туршилт хийжээ. К.Бенцийн овжин шаламгай гэргий замдаа таарсан тосгоны нэгэн гуталчныд тоормосоо шинээр нөхөж, нэгэн дархны туслалцаатайгаар дамжуургын суларсан гинжийг богиносгож, цахилгааны утсыг резинээр тусгаарлан сүлбээр зүүгээр түлш өгөх гуурсыг сэтгэж цэвэрлэж явжээ. Тэд хүнсний мухлаг, эмийн сангаас бензин авч байсан гэдэг. Гурван дугуйтай машиныг одоо ч гэсэн үйлдвэрлэж байгаа билээ. Уг тэргийг юуны учир үйлдвэрлэж байна вэ гэвэл нэлээд олон оронд ийм машинаас татвар авдаггүйтэй холбоотой аж. Энэхүү гурван дугуйтай машин тогтворжилт муу, донсолгоотой замаар явахдаа тааруу, мөн гурван мөртэйн дээр дөрвөн дугуйтай машинаас жолоодлогын хувьд төдийлөн хялбар биш зэрэг нь дөрвөн дугуйтад байраа тавьж өгөхөд нөлөөлжээ.
Даймлерын анхны автомашин хоёр дугуйтай байсан нь мотортой дугуй хэлбэртэй байжээ. Үүний дараа тэрээр шавь нарын хамт дөрвөн дугуйтай, бүхээгтэй, 4-6 хүний суудалтай автомашин хийв. Харин Бенцийг дагалдагсад XX зууны эх хүртэл гурван дугуйтай, төмөр утсан хэгээс бүхий дугуйтай, 2-3 хүний суудалтай, хөнгөн төмөр хоолойгоор хийсэн аралтай, унадаг дугуйн залуур бүхий машин хийж байлаа. Бенц болон Даймлерын морьгүй тэрэг"-ийг Герман оронд хэрэглэх хүн ховор байсан юм. Хотынхон хөдөлгүүрт бензиний уур дэлбэрч, аюулд орох вий гэхээс айдаг байв. Сонин хэвлэлээр "морьгүй тэрэг"-ийг дэлхийд аюул учруулахыг цагдаагийн газар зөвшөөрөх ёсгүй гэж бичиж байсан учир Даймлер тэргээ шөнөөр хотоос зайдуу турших болжээ. Үүний дараагаар тэд хөдөлгүүрээ усан онгоцонд тавих санаа төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд багахан заль хэрэглэв. Усан онгоцныхоо хүрээг тойруулан эргээс сайн харагдахаар шаазан тусгаарлагч дундуур дамжуулах утас татан завь нь бензинээс аюул багатай цахилгаанаар явдаг хэмээн хотынхонд итгүүлжээ. Аюул ослоос урьдчилан сэргийлэх үүднээс гал командыг бэлэн байдалд байлгахын тулд хаагуур явах, хаана зогсох тухайгаа цагдаагийн газарт мэдэгдэж байх үүргийг хотын захиргаанаас Бенцэд өгч байлаа. Эдгээр зохион бүтээгчид хожим нь патентаа Франц улсад худалдсан юм. Үүний ачаар Франц удаан хугацааны туршид автомашины үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх гүрэн болоход нь нөлөөлжээ, Тэдний патентаар Францын үйлдвэрийн эзэд нь өөрсдийн марктайгаар зах зээлд гарч байв.

Даймлерын хөдөлгүүр нь нийтийн тээврийн хэрэгсэлд зориулсан хөдөлгүүр юм. Хийн хөдөлгүүртэй харьцуулахад уг хөдөлгүүрийн голын эргэлт 4-5 дахин ихсэж, цилиндрийн багтаамжийн литрт ноогдох чадал хоёр дахин нэмэгджээ. Мөн нэгж чадалд ноогдох жин нь бага байв. Бенцийн анхны хөдөлгүүрийн голын эргэлт 400 эрг/мин-аас хэтрэхгүй байснаас дуу чимээ багатай, эдэлгээ сайтайд тооцогдож байлаа. Бенцийн хөдөлгүүрийн хамгийн сонирхолтой нь орчин үеийн хөдөлгүүрийнх шиг цахилгаан асаалтын системтэй байсан нь маш том ололт байв. Хэдий тийм ч хөдөлгүүрийн чадал, автомашины хурдыг нэмэгдүүлэх нь хялбар бус байлаа. Хэрэв цилиндрын диаметрийг нэмэгдүүлбэл түүний хана болон тахир голт механизмын эд ангиудад үйлчлэх хүч нэмэгдэнэ. Поршенгийн явалтыг уртасгавал автомашинд цилиндрыг байрлуулахад бэрхшээлтэй болж, тахир голт механизмын эд ангиудын хэмжээ томорно. Энэ хоёрын аль алинд нь хөдөлгүүрийн жин нэмэгдэнэ. Үүнээс болж цилиндрын тоог олшруулах шаардлагатай болжээ. Даймлер анхныхаа хөдөлгүүрийг хоёр цилиндр буюу бидний мэдэх V маягийн хийж байснаа 1891 онд дөрвөн цилиндртэй болгожээ. 1895 онд автомашин зохион бүтээгчдийн анхаарлыг Германы цахилгааны инженер Роберт Бошийн сэдсэн соронзон асаагуур татав. Соронзон туйлуудын хоорондох цахилгаан талбайд якорь хөдөлснөөс гуйдэл үүснэ. Гүйдлийн хүч хамгийн их үед якорьтай холбоотой татуурга цахилгаан хэлхээг тасална. Энэ тасалдал шаталтын хөндийд оч үүсгэж ажлын холимгийг дөл авалцуулах ноцоолтыг үүсгэж байв. Энэхүү систем нь тахир голын эргэлт 300 эрг/мин-аас хэтрээгүй байвал найдвартай ажиллаж байлаа. Ингэж алхам алхмаар автомашинд тусгайлан зориулсан хөдөлгүүр бий болж өнөөгийн бидний хэрэглэж буй автомашины эрин үе ирсэн билээ.
Хөдөлгүүрийн хувьд нэлээд ахицтай ажиллаж байсан ч автомашины хурдны хувьд төдийлөн амжилт гарахгүй байлаа. Яг энэ үед Францын Панар-Левассор пүүсийн ерөнхий зохион бүтээгч Эмиль Левассор автомашины бүтэц хэсгийн шинэ байршлыг санаачилсан нь тухайн үед шуугиан дэгдээсэн юм. Хөдөлгүүр, усны савыг урд хэсэгт байрлуулж авцуулах холбоо, хурдны хайрцгаар завсрын хөндлөн голд хүч дамжина. Түүнээс гинжин дамжуургаар хойд дугуйд хүрнэ. Левассорын загвараар хийсэн туршилтын загвар нь 1894 оны автомашины уралдаанд оролцсон машинууд дотроос .ажиллах чадвар сайтайгаа харуулсан байна.
1900 он гэхэд хэрэглэгчдийн тоо нэг мянга байлаа. Энэ тоо үйлдвэрлэгчдийн хувьд хангалтгүй байсан юм. Учир нь тэд өөрсдөө ч гэсэн автомашин шигээ ирээдүй рүү хурдтай тэмүүлж байв. Тэр ондоо Франц, АНУ-д жилд тус бүр гурван мянга, Германд нэг мянга орчим автомашин хийж эхэлсэн бөгөөд төд удалгүй эдгээр орны автомашин хэрэглэгчдийн тоо 2-9 мянга болж дэлхийн нийт автомашины тоо хорин мянга хол давжээ. Автомашин бүтээсэн эхний 15 жилд түүний чанарт хурд нэмэгдсэнээс өөр ямар нэг өөрчлөлт гараагүй ч хоёр зууны зааг дээр автомашины хурд морин тэрэгний хурдаас давж, төмөр замын тээврийн хурдтай өрсөлдөх болсон юм. Хурдны хувьд давуу байдалтай болсон нь автомашины хийцийг боловсронгуй болгох, жолоочийн мэргэжлийг бий болгох, тусгай хууль тогтоомж гаргах зэрэгт ихээхэн нөлөөлсөн байна.
Эх сурвалж: Амралтын шуудан
Нийтлэлч Г.Нацагдорж




