Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Их тойруу буюу ерөнхий боловсролын III сургуулийн өмнөх замын ачаалал ихэсч автын осол үе үе гарах болсон. Энэ тухай манай сонин оны эхний дугаартаа нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга Х.Энхжаргалын сонорт "Ногоон гэрэл цагаан шугамаар хэн илүү эрх эдлэхийг заагаад өгөөч" гэсэн нийтлэл гарсныг уншигчид санаж буй биз ээ.
Гэсэн ч монгол III сургуулийн өмнөх зам дээрх цагаан зураас, ногоон гэрлээр одоо болтол автомашинууд зогсч хэвшээгүй л байна. Өчигдөр буюу лхагва гарагийн өглөөний 9:40 цагийн орчимд тус сургуулийн өмнөх замын цагаан шугам дээр цагаан өнгийн микро автобус 20 орчим насны бүсгүйг мөргөж унагаад, эмнэлэгт ч хүргэж өгөлгүй яваад өгчээ.
Түүнийг харсан хүмүүс жолоочид эмнэлэгт хүргэж өгөөч гэхэд "Мөрөөрөө явж чадахгүй муусайн юмнууд" гэж хэлээд шууд яваад өгсөн байна. Харин тухайн микро автобусанд мөргүүлсэн бүсгүй арай ядан босоод явсан аж.
Үүнээс үзэхэд гадныхны хэлдэгээр Улаанбаатарт зам хөндлөн гарахад баталгаа байхгүй гэдэг үнэн болж таарч байна. Олны хөл холхисон тус замаар хөндлөн гарах ногоон гэрэл цагаан зураасаар зорчигч, машин хоёрын хэн нь эрхээ эдлэхийг заагаад өгөөч хэмээн Х.Энжаргал даргаас дахин хүсье.
Н.Алтанцэцэг
Эх сурвалж: Нийслэл Таймс




